2011-05-10
Монгол улсад цөмийн хаягдал байршуулахаар нууцаар хэлэлцэж байсан уу?

 

Монгол улс цөмийн хаягдлыг өөрийн нутаг дэвсгэр дээрээ байрлуулах хэлэлцээрийг манай улсын засгийн газар бусад улсуудтай хийхээр зэхэж байсан талаарх мэдээлэл гадны мэдээллийн хэрэгслүүдээр хэдийнээ цацагдаж эхэлжээ. Цөмийн хаягдал нь тухайн газар нутагтаа маш их аюулыг дагуулдаг учраас үүнийг дэлхийн аль ч оронд эсэргүүцдэг. Гэтэл манай төр засгийн эрхэмүүд чухам юу бодож байгаа нь сонирхолтой.

Энэ талаар гадны олон сайтуудад мэдээлсэн байгаа ч манай уншигчийн ирүүлсэн “Майничи” сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Цөмийн хаягдал устгах байгууламж
Монгол дахь төлөвлөгөө... Япон Америк,
өнгөрсөн намраас эхэлсэн хэлэлцээр


Майничи сонин тавдугаар сарын 9 өдөр (Даваа)

Японы Эдийн Засаг, Худалдаа Үйлдвэрийн Яам, АНУ-ын Эрчим Хүчний Яамтай хамтарч өнгөрсөн оны намраас эхлэн хэрэглэж дууссан цөмийн түлшний хаягдлыг агуулах, устгах зориулалттай Олон Улсын хэмжээний байгууламжийг дэлхийд анх удаа Монгол улсад барих төлөвлөгөөг нууцаар хэлэлцэж байсан нь тодорхой болжээ.

Ийм зориулалтын устгах байгууламж дотооддоо байдаггүй Америк, Япон улсуудын хувьд атомын реактор, түүний хог хаягдлыг устгах байгууламжтай нь иж бүрдэл байдлаар олон улсад зарж борлуулдаг Орос, Франц зэрэг орнуудтай энэ салбарт өрсөлдөх явдал нь гол зорилго байсан бололтой.

Монгол улс үүний хариу болгож Америк, Япон улсуудаас цөмийн эрчим хүчний технологийн дэмжлэг туслалцаа авах бололтой.

Гэвч, Японы Зүүн хойд бүсэд учирсан газар хөдлөлтийн гамшгийн үед Токио эрчим хүчний Фүкүшима нэгдүгээр станцад гарсан цөмийн ослын улмаас Японы засгийн газар цөмийн эрчим хүчний төрийн бодлогоо үндсээр нь өөрчлөх шаардлага тулгараад байгаа бөгөөд “цөмийн хог хаягдлаа” гуравдагч оронд үүрүүлэх бодлого нь эсэргүүцэлтэй тулгарч мэдэхээр байна.

(Товлосон газрын эхний хувилбар нь Говь-Сүмбэр аймгийн Баяндэл сум, хоёрдахь болон гуравдахь хувилбар нь Баянжаргалан, Дархан сумд)

Дээрх гурван улсын уг хэлэлцээрийг хариуцаж байсан эрх бүхий хүмүүс Майничи сонингийн сурвалжлагчид ийм төлөвлөгөө байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Холбогдох хүмүүсийн яриагаар, дээрх гурван улсын хэлэлцээр өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр, АНУ-ын Эрчим хүчний яамны орлогч Даниел Понмэний удирдлага дор эхэлсэн бөгөөд Японы Эдийн засаг Худалдаа Үйлдвэрийн яам (ЭЗХҮЯ), Монголын Гадаад явдлын яамд тус тусын улсаа төлөөлж оролцжээ. Цөмийн хаягдлыг өөрийн газар нутагтаа байршуулах талаар шийдэлд хүрч чадахгүй байгаа Япон, Америк улсууд, гадаадын техник технологийн тусламжаар цөмийн түлш боловсруулах байгууламж, атомын эрчим хүчний байгууламжтай болох туйлын хүсэлтэй байгаа Монгол улсуудын далд санаа нь ийнхүү нэгдэж орхижээ.

Цөмийн эрчим хүч нь цаг уурын өөрчлөлтөөс сэргийлэх маш үр дүнтэй арга хэмээн үзэгдэж, нэг цөмийн реактор нь гэхэд хэдэн мянган тэрбумын үнэд хүрэх томоохон бизнес болдог. Японы засгийн газар цөмийн цахилгаан станцаа гадны орнуудад экспортлох явдлыг улсынхаа эдийн засгийн өсөлтийн урт хугацааны стратегийн нэг бодлого гэж үзэж байгаа бөгөөд, Вьетнам улсад нийлүүлэх гэрээ нь амжилттай болж, одоо Энэтхэг, Турк улсуудтай зөвшилцөл хийж байна. Гэвч Орос зэрэг орнууд атомын цахилгаан станцыг хэрэглэсэн цөмийн хаягдал хүлээн авах байгууламжтай нь иж бүрдлээр нь борлуулж байгаа бөгөөд, Япон Америк энэ тал дээр таагүй нөхцөл байдалд байгаа юм.

Япон улсын хувьд цөмийн хаягдлаа дахин боловсруулах ажиллагааг Англи, Франц зэрэг улсуудад даатгаж орхисон байдаг бөгөөд дахин боловсруулах байгууламж барихаар яаравчилж буй. Хэдийгээр өөрийн орны Аомори мужийн Рокка тосгонд түр хугацаагаар өндөр хэмжээний цацраг бүхий хаягдлыг байршуулах байгууламжтай боловч бусад оронд нийлүүлсэн цөмийн хаягдлыг хүлээн авах асуудал туйлын хүндрэлтэй гэж үзэж байгаа юм. 2035 оныг хүртэл дотооддоо эцсийн устгал хийх байгууламж барих газраа сонгох төлөвлөгөө нь ч бүтэлгүй болох магадлалтай байна.  
АНУ-ын өмнөх Бушийн Засгийн газар 2002 онд Небада мужид эцсийн устгал хийх байгууламж барих газар сонгосон боловч орон нутгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч 2009 онд Обамагийн Засгийн газар энэхүү төлөвлөгөөгөө зогсоох шийдвэрт хүрсэн билээ. Ингээд хэрэглэсэн цөмийн хаягдлаа устгах асуудал нь замхархад хүрч орхижээ.

Иймээс Япон Америк хоёр улс, цөмийн хаягдлын асуудлаа шийдэх, олон улс дахь цөмийн эрчим хүчний борлуулалтын сул талаа нөхөх үүднээс, газрын хатуулаг хөрстэй Монголд цөмийн хаягдлаа хадгалах, устгах байгууламж барих асуудал дээр нэгджээ. Энэ байгууламж газрын гүнд хэдэн зуун метрийн доор байх юм гэнэ. Японы ЭЗХҮ–ийн яам энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлснээр цөмийн реакторийн гол үйлдвэрлэгч болох Тошиба, Хитачи зэрэг үйлдвэрүүдийнхээ олон улс дахь цөмийн энергийн бизнест дэмжлэг үзүүлж чадна гэж үзэж байгаа юм байна.

Мөн Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн байгууллага болох IAEA нь “Монгол улс бол Ураны газар доорхи нөөц нь 150 сая тонноос их байх магадлалтай гэж тэмдэглэж байгаа бөгөөд олборлолт явагдаж эхэлбэл дэлхийд уран нийлүүлэлтээрээ эхний гуравт багтах боломж маш өндөр. Япон Америк улсууд энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлснээр ураны түлшний тогтвортой хангалтын асуудлаа ч бас шийдчих санаархалтай байна.

Цөмийн хаягдал бодисын олон улсын тээвэрлэлт нь дамжин өнгөрөх орон болоод хүлээн авах орны зөвшөөрөл, үүн дээр олон улсын байгууллагаас гаргасан тээвэрлэлтийн горимыг мөрдөж чадвал боломжтой болдог. Гэвч, дээрх гурван орны төлөвлөгөө нь хэлэлцээрийн шатандаа нийтэд ил болж орхивол дамжин өнгөрөх улс болох Хятад, Орос улсуудтай хэл амаа ололцох, Монголын дотоод дахь нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй байгаа учраас хэлэлцээр маш нууц байдалд явагджээ.

Гэвч энэ оны хоёрдугаар сард, Вашингтонд дээрх гурван орон олон талт гадаад харилцааны баримтад гарын үсэг зуралцах төлөвлөгөөтэй байсан боловч энэ мэдээллийг гарын үсэг зурах хугацааны дөнгөж өмнө нь хүлээн авсан Японы Гадаад явдлын яам “Засгийн газар дотроо зохицуулалт хийж амжихгүй байна “ гэж эсэргүүцжээ. Энэ асуудалд Японы ЭЗХҮ-ийн яам голлох үүрэг гүйцэтгэж байсан нь гадаад явдлын яамандаа таалагдаагүйн улмаас гарын үсэг зурах ажиллагаа хойшлогджээ. Түүний хойш, Японы Зүүн хойд бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болж, гарын үсэг зуралцах өдөр одоо хүртэл шийдэгдээгүй байгаа бололтой.

Япон улс газар хөдлөлтийн гамшгаас үүдэн цөмийн эрчим хүчний бодлогоо дахин эргэн харах шаардлага тулгараад байгаа бөгөөд улс доторх бүх атомын станцуудаа зогсоож үгүй болголоо ч түүний хаягдлыг устгах байгууламж зайлшгүй хэрэгтэй байх болно. Хэдийгээр тийм ч, техник технолгийн туслалцаа үзүүлсэний хариуд цөмийн хог хаягдлаа хамтад нь өгөх арга нь одоогийн Фүкүшима зэрэг нутгуудад атомын цахилгаан станц барихын тулд цахилгааны гурван хуулийн дагуу төсвөөс татаас олгож, бүс нутгийг хөгжүүлэх бодлогыг хамтад нь хэрэгжүүлсэнтэй нэгэн ижил санаа гэж хэлэхээр байна.

Эх үүсвэр http://news.gogo.mn/r/87413
Бичсэн: doljoo_99 | цаг: 15:10 | Танин мэдэхүй
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих